Wednesday, December 12, 2007

Соёмбо

Намайг МОНГОЛ гэдэг. Би хонины мах иддэг. Гэхдээ би хонио алдаггүй. Бас сүү уух дуртай. Гэхдээ би сүүг үнээнээс сааж биш бас гуйж биш зүгээр л дэлгүүрээс худалдаад авчихдаг. Үнэ нь 850-1200 төгрөгийн хооронд байдаг. Захаас бөөндөж авсан ч болдог. За тэр ч яахав. Өвөг дээдэс минь соёмбыг туганд тахиж үлдээсэн болохоос шилэнд тахиж үлдээгээгүй. Соёмбыг би дээр намирах туган дээрээс бас Дэлгэрмөрөнгийн толгой дээрээс харж байснаас архины шилэн дээр гялалзаж явахыг мэдэхгүй. Тиймээс зөвшөөрөхгүй ээ. Баярлалаа.

Tuesday, December 4, 2007

Халимаг түмэн эх нутагтаа зорьсон гунигт түүх

1771 онд Орос ороныг хатан хаан Катарина удирдаж байх үед Волга мөрний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав. Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Түвд, Монголд өргөнөөр тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шүтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерүүд эргүүлдэн, шашиндаа элсүүлэхээр чармайх болов. Бүслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нүүж, сууж чадахаа больсон нь нүүдэлчдийг тэвчихийн аргагүй бухимдуулж байлаа. Хаа сайгүй маргаан, тулаан, тэмцэл өрнөж Халимаг түмэн шаналан түгшив.

Хэдэн шийдэмгий эрчүүд Түвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зөөлөн засаг, газар нутаг амлав. Түүнчлэн: " та нар нутагтаа ирснээр дураараа нүүж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгүйгээр чөлөөтэй шүтэх болно" гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бүл, албат иргэд, бүхий л мал сүргээ аваад хуучин нутгаа тэмүүлэн зорихоор тохиров.

Халимагийн хан Манжийн хил хүртэл нүцгэн уудам тал, элчилгүй халуун цөлөөс бүрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг түгшингүй тооцоолж байв. Yүнээс гадна тэдний замд алхам бүрт тааралдах эртний өст Башкир, Киргиз болон бусад нүүдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Түүнчлэн Орос гүрэн өөрсдийн харьяанаас бүхэл бүтэн нэг үндэстэнг бүхий л мал сүрэгтэй нь цуг зүгээр л тавиад явуулна гэж үгүй, Халимагуудын заналт дайсан Козакуудыг араас нь нэхүүлж, голтой бүхнийг нь хядуулах болно.

Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хүнд байлаа. Тэд өөрсдийн цорын ганц баялаг болох тал дүүрэн бэлчих мал сүргээ бахархан харж, тэдний мөөрөлдөх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сүрэг үгүй болвол Халимаг түмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бүрт хашхиралдан, уйлалдах бяцхан үрс нь өсөж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ үлдэж үндэстнийхээ хувьд мөхөх.

Хавчилт, шахалтаас залхсан ард түмэн нутгаа хаяж нүүхээр шийдэв. Хүн төрөлхтөний түүхэнд гарсан өөр нэгэн алдартай нүүдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нүүдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард түмнээ уриалан дуудаж, нэг дүгээр сарын эхээр Волга мөрний эргээс хөдөлжээ.

Баруун Халмагчууд тохирсон дохиог сонсоогүй юу эсвэл гол гаталж чадсангүй юу мөрний нөгөө эрэгт үлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд үнэнч байж, түүнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширүүнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар дайны үеээр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дүрвэгч Халимагууд цөөн тоогоор амьдарч байна. Мөн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй.

Зүүн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж үүргээ хурдан, гавшгай, найдвартай биелүүлж байв. Ачаа хөсөг, эмэгтэйчүүл хүүхдүүдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хүрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бүхнийг урьдаас нь довтолж устган сөнөөхөөр шилмэл эрчүүдээс бүрдсэн тусгай анги ч байгуулав.

Арын хамгаалалтынхан ард хоцорсон бүх өвөлжөө, хээрын сууц, жижиг тосгодыг галдан шатааж үгүй хийв. 25000 квадрат км газарт нэг шөнийн дотор бөөн түймэр асчээ.

Энэ мөчийг хүртэл Оросын харуулынхан Халимагуудын их нүүдлийн талаар юу ч мэдээгүй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хөллөн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хөдлөв. тэр өдөрт 300 майл газарыг туулан давхисаар, туйлдаа хүрч ядарсан амьтан хатан хааныхаа өмнө очжээ. Тэгээд эцсийн хүчээ шавхан байж хатан хаандаа бүхэл бүтэн нэг үндэстэн ганцхан шөнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагүй мэдээг хүргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мөрдөн хөөх, ямар ч үнээр хамаагүй нүүдлийг зогсоох, дүрвэгсдийг баривчлах, эсэргүүцвэл устгах тушаал өгчээ.

Зүүн тийш 500 орчим километрт Козакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр козакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, өширхөж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хүрэв. Гэвч тоолшгүй олон хонь, бог мал явдал даахгүй хоцорч, үхэж үрэгджээ. Голын эрэг дээр ширүүн тулаан болж Козакууд 9000 Халимагийн амийг авав.

Козакууд жаахан амсхийж байгаад нүүдлийг гүйцэн очиж, Туркай гол хүрэх замыг нь хааж болох байв. Иймээс халимагуудад аль болох хурдан цааш хөдлөхөөс өөр арга байсангүй. Нүүдэл цааш хөдлөөд нэг өдөр болов уу үгүй юу маш ширүүн цасан шуурга эхэлж, нүүр нүдгүй цас, мөс, хүйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сүргээс ихэнхи нь осгож, үхэрнүүд нь цасанд шигдээд толгойгоо даахгүй унаж үлдэв. Халимагууд түр буудаллаж, үлдсэн хэдэн үхрээ алж, махны нөөц бэлтгэж авлаа.

Цас хөлдөж, гадарга дээгүүр нь морь тэмээ явж чадахаар болмогц нүүдэлчин олон шамдан хөдлөв. Морь малын туурай хага үсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт үхэл хүлээх.

Туркай гол хүрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Козакуудаас арай чүү түрүүлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. өөр нэг Оросын цэргийн нэгтгэл Козакуудын хамтаар Туркай гол хүрэх замыг нь амдан тосож байлдахаар хөдлөв. Халимагууд Туркай гол хүртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагүй болгосон байх вий шалтгаалж байлаа.

Эцэс төгсгөлгүй мэт зовлон шаналалаар дүүрэн үхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шөнөдөө хөлдөж хоносон нялхсаа эхчүүл нь орхиж явахаас өөр аргагүй. Хар тэнхээгээ барсан настайчуул нүүдлийн хурдыг дааж чадахгүй үлдэцгээнэ. Тэд орхин одож буй нүүдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бөртийсөөр сууж хоцроно. өвгөчүүл нь нялх ач нартаа дулаан дахаа үлдээж, салах ёс гүйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хөлдөх аймшигт үхэл хүлээж байлаа. Зарим настай эмгэчүүл үхсэн үхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт төгсгөлтэйгээ үл эвлэрэн тэмцэнэ. Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос өөр аргагүй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бүлтэй, чадалтай эрчүүд нь эмээлийнхээ бүүрэгнээс бусдынхаа морийг уяах, өвчтнөө дүүрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагүй болох эцсийн мөч хүртэл зүтгэж байлаа. Галгүй, идэш уушгүй болсон нэгэн нь осгох нь алхам бүрт. Шөнө нойрондоо хэт автах юм бол үүрээр хэзээ ч дахин сэрэхээргүй болно. Энэ бол хэлэхийн аргагүй аймшигт нүүдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч үлдсэн хүмүүсийг Туркай гол хүрэхээс хамаагүй өмнө дайснууд гүйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран үргэлжилнэ. Сүүлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой.

Гол гатлах гэж буй Халимагууд бол үнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дүүрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай үхэр сүргээ бэлчээж, Монгол эрийн шүтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард түмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггүй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нүүдлийн бэрхийг нугалж байлаа.

Хүүхэд, хөгшид нь үхэж, залуу эрчүүд олноороо тулаанд эрсдсэн тул нүүдлийн цуваа чимээ аниргүй, тун чиг дүнсгэр. Чимээгүй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л үе үе тасалдуулна. Анх гарсан хүмүүсийн гуравны нэг нь үгүй болжээ. Yлдсэн хүмүүс ясан дээр нөмөрсөн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мөч бүхнээ ашиглан, үлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идүүлж, хүн малгүй тэнхэрч авахыг хичээж байв.

Голын эрэг рүү дөхөх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бүрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгүй байж. Голын гарамыг нүүдлийн цувааны сүүлч дөнгөж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. энэ бол Орос, Козак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд өдийг хүртэл 3,000 илүү км замыг туулаад байв, гэвч Монголын хил хүртэл дахиад энэ хэрийн зам үлдээд байлаа.

Хүлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал үнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизүүд урагши түрүүлэн гарч Халимагуудыг гүйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хүчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног өдөр шөнөгүй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизүүдийг ялж, Башкир, Козак тэргүүтнийг дутаалгав.

Гэвч дайснууд нь дахиж хүчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндүү тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж өгөхөд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бүгдийг удирдсан Уваши Хунтайж бүх хариуцлагийг өөр дээрээ хүлээж, Цагаан Хаанд очоод шийтгүүлье харин ард түмнийг минь битгий алаач гэж гуйяа. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Катарина өршөөх нь гарцаагүй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хүртэл зугтлаа, үр дүнг нь үзье, эцсээ хүртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бүр үгээ хэлэв. Цөхөрч туйлдсан тэд зовлон зүдүүрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гүйцэтгэв. Зөвлөлдсөний эцэст : Хэдий Оросын хатан хаан өршөөж тун магадгүй гэлээ Башкирууд биднийг яавч зүгээр орхихгүй. иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав.

Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжүүлж эхлэв. Дорно зүгийг зорин үтэр түргэн хөдлөв. Тэдний өмнө их цөл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгүй. Хэдхэн сарын өмнө хөлдөж үхэх аюулаас арайхийж мултарсан нүүдэлчдээс олон нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бүх худаг, шавар шалбааг, гол горхийг өлсөж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч үлдээлгүй шимж соров.

Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгүй газар хүрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бүрэн бүсэлжээ. Халимаг эрчүүд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, бүх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шүднүүдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав.

Волга мөрний эрэг дээрээ баяр хөөртэй эхэлсэн нүүдлээс бүтэн найман сарын дараа буюу ес дүгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хүрч, Манж гүрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зүрх шимшрэм явдал болов. Их цөлийг арайхийж туулсан морь мал, хүмүүс бүгд хүйтэн ус руу ухаан жолоогүй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хүрэв үү үгүй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илүү усанд улганасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дүрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шүүрэн уснаас дөнгөж цухуйх улаан залаат малгай бүхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бүрт гардан тулаан өрнөж, Халимагууд нуурын гүн рүү шахагдаж эхлэв. өчнөөн их мөрөөсөл болсон усандаа олон хүн живж үхэв.

Золоор Манжийн хааны Монгол цэргүүд ойр байв. Тэд дайран ирж чөтгөр, шуламын Башкируудыг хиартал цохиж цөл рүү буцааж хөөлөө. Халимагууд ингэж аюулгүй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Идшийн голд нутаг зааж өгч суулгав. Нутгаа тэмцэж нүүсэн Халимаг түмнээс гуравны нэг хүрэхтэй, үгүйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой төдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илүү нь нүүдлийн замд үрэгдсэн гэсэн үг ээ.

Энэ аймшигт түүх бол талын зоригт нүүдэлчид эрх чөлөөнийхөө төлөө бүхэл бүтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бүрт нь амь биеэрээн золиос төлж чаддагийг харуулах бөлгөө.

Эх сурвалж: http://chonoson.blogspot.com/2007/01/blog-post_05.html

Sunday, December 2, 2007

Монгол улсад хандах Өвөр Монголын Ардын Намын байр суурь

Өвөр Монгол Ардын Нам /ӨМАН/ нь 1997.3.20-нд АНУ-н Нью-Йорк хотод анх албан ёсоор байгуулагдав. ӨМАН-н тэмцлийн эцсийн зорилго бол энхийн замаар Өвөр Монгол дахь Хятадын Коммунист намын ноёрхлыг эцэс болгож, тусгаар тогтносон Өвөр Монгол улсыг байгуулна. Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж буй Өвөр Монголын ард түмний шударга тэмцлийг чин сэтгэлээсээ талархан дэмжигч аливаа улсын иргэн НЭМАН-д элсэж гишүүн нь болж болно”

ӨМАН-н хөтөлбөрөөс

Өвөр Монгол Ардын Нам /ӨМАН/ нь түүхийн онцгой нөхцөлд байгуулагдсан бөгөөд эрх чөлөөнийхөө төлөө олон арван жилийн турш мятрашгүй тэмцэж ирсэн Өвөрмонголчуудын шударга тэмцлийн үр дүнтэй шууд холбоотой. Мэдээж, аливаа зүйл мэндэлж, торнин өсөж, түмэн бэрхшээлийг даван туулсны эцэст эрийн цээнд хүрэхжамтай. Үүнтэй адил, ӨМАН нь байгуулагдсанаасаа хойш олон бэрхшээлтэй тулгарч, гадаад дотоодын олон сөрөг хүчин зүйлээс шалтгаалан, энэдэж гэнэдэж, бүдэрч алдсан тал нэлээд бий.

Бид алдаа дутагдлаа зоригтой хүлээн зөвшөөрч хатуу дүгнэлт хийж, цаашдын тэмцэлдээ улам зориг хатуужин, улам эв нэгдэлтэй, улам дайчин шаргуу тэмцэх болно. ӨМАН-н сүүлийн 9 жилийн тэмцлийн бартаатай замаар замнахдаа аажмаар нялх балчираасаа салж, өсөн өндийж, улам боловсронгуй, улам хатуужсан улс төрийн нам болж бойжиж байна. Дэлхийн улс төрийн байдал Хятадын дотоодын гүн гүнзгий хямрал, Түвд, Уйгар, Өвөр Монголын тогтворгүй байдал нь ӨМАН-г нэг өдөр ч амирлангуй байхыг үл зөвшөөрнө.

Бид тасралтгүй ӨМАН-аа хөгжүүлж, намынхаа стратеги, тактикийг улам боловсронгуй болгож, бусад улс орон, бусад улс төрийн байгууллагуудтай харьцах талаар өөрсдийнхөө байр сууриа тодруулах шаардлагатай. Ингэсний үр дүнд ӨМАН нь сая Өвөр Монголынхоо хувь заяа, Өвөрмонголчуудын ирээдүйн төлөө үүрэх хариуцлагаа нэр төртэй биелүүлж, боловсорсон, хатуужсан, улс төрийн хүчин болж чадна. Тухайлбал, Монгол улсад хандах ӨМАН-н байр суурь тодорхой, зөв байх шаардлагатай.

Учир нь Өвөр Монголчууд /Өмнөт Монгол/ хэдийгээр хэл соёл нэгтэй, удам угсаа нэгтэй Монгол үндэстний нэг хэсэг байгаа ч, Хятад Орос хоёр гүрний шахалтаар түүхийн бараг 100 жилийн турш Монгол улсынхаа нэгэн дээвэр дор, Монгол хэмээх нэгэн гэр бүлд багтаж амьдарч байгаагүй нь үнэн. Их гүрнүүд санаатайгаар Өвөр Монгол, Монгол улсын ард түмний хооронд яс хаяж, тэдний дунд зарим талаар үл ойлголгох, үл итгэлцэх уур амьсгал бий болгож чаджээ. Монгол улсын зарим ухвар мөчид иргэд Өвөр Монголчуудыг Хятадаас үл ялган, шууд “хужаа” гэж хараан доромжилно.

Нэг талаас, тэд Өвөрмонгол хүнийг БНХАУ-ын иргэн хэмээн үзэж байгаа бололтой, бас орчин үеийн олон улсын гэрээ хуулиудын нөлөө нөлөөлсөн байж магадгүй. Нөгөө талаас, тэд Монгол улсын үнэн түүхийг хагас дутуу мэдэж байгаа, дэлхийг донсолгож байсан агуу Их Монгол үндэстний туулсан яруу алдарт замналыг гүйцэт мэдэхгүй, мах цусны тасархай Өвөр Монгол ахан дүүсээ дутуу ойлгосны гайгаар ийнхүү цэвдэг хүйтэн ханддаг болсон байна. Юутай харамсалтай! юутай инээдэмтэй. Монгол улсын мах цусны тасархай Өвөрмонгол ахан дүүс тань сайн дураар Хятадын эрхшээлд ороогүй шүү, хүчинд автан аргагүй эрхэнд Шар лууны аманд орсон /одоохондоо/.

Үүнийг Монгол улсын ард түмэн минь ойлгоосой! Хятадын колончлогчдын харгис дарлал дор түмэн зовлон амсаж буй, эрх чөлөөнийхөө төлөө чадан ядан тэмцэж яваа Өвөр Монгол ахан дүүсээ зөв ойлгоорой. Өвөр Монгол ахан дүүсээ дандаа буруу ойлгож, цэвдэг ханддаг хүн Монгол улсад тун цөөн байгаа нь баярлууштай.Өвөр Монгол Ардын Нам энэ хэвийн бус үзэгдлийг Монгол улсын төрийн бодлого биш, Монгол улсын бүх ард түмний хандлага байр суурь биш гэдгийг сайтар мэдэж, зөв ойлгож байгаа бөгөөд хэзээ ч Монгол улс , Монголын ард түмэнд гомдож байгаагүй.

Манай ӨМАН-н байр суурь тодорхой. Монгол улсын ард түмэн бол Өвөр Монголчууд бидний мах цусны тасархай ахан дүүс, бид бүгд Эзэн Чингис хааны баатарлаг үр сад мөн. Монгол улс зөвхөн Халх Монголчуудын эх орон төдий биш бас бүх Монголчуудын эх орон , дэлхийн Монгол туургатны хүсэн тэмүүлдэг Монгол Эх орон! Монгол хүн болж төрсний учир, бидэнд өөр сонголт байхгүй, учир нь бидний зүрх сэтгэл, оюун ухаан, амьсгаа бүр маань Монгол руу гагцхүү эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол эх орон руу тэмүүлнэ, зөвхөн Монгол улс руу…Мэдээж, өнөөгийн Монгол улс хөгжлөөрөө АНУ, Япон, Баруун Европын улстай зүйрлэхийн аргагүй. Газар зүйн байршил, түүхийн болон орчин үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол улс бүх монголчуудын хүссэнчлэн түргэн хөгжиж чадахгүй л байна, зарим талаар хоцронгуй хэвээр.

Энэ бол үнэн. Хэдий ийм байгаа ч, ядуу зүдүү байсан ч эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол улс гүрнүүдтэй эрх тэгш харьцаж Чингис хааны маань байгуулсан “Монгол” хэмээх яруу алдарт нэрийг дэлхийд дуурсгаж байна, мандуулж байна. Монгол улс бол дэлхийн бүх монголчуудын зүрх сэтгэлийг нь соронзон мэт татсан эх орон, тэдний бахдан бахархах хүсэл мөрөөдлийн орон. “Сиймхий ч гэсэн миний гэр минь.Сэгсгэр ч гэсэн ээж минь” хэмээх Монгол зүйр үг бий. Учир иймд Монгол улсын өнөөгийн хөгжил нь удаашралтай, амьдрал ахуй нь хоцрогдонгуй гээд Монгол эх орноо голж гоочлох ёсгүй! Эрхгүй! Харамсалтай нь , зарим Өвөрмонголчууд Бээжингийн ухуулга сурталчилгаанд хууртагдан , “Монгол улс хөгжлөөрөө Өвөр Монголоос хол хоцорсон. Монголын Улаанбаатар манай Бээжингийн хаана ч хүрэхгүй” хэмээн балайрна, донгосно.

Энэхүү байр суурь, хандлагыг ӨМАН буруу хэмээн үзэж байна. ӨМАН “Хөгжлөөрөө хоцрогдонгуй ч манай Монгол эх орон. Миний Монгол эх орон. Манай Бээжин биш, манай Улаанбаатар, миний Улаанбаатар!” гэсэн байр суурьтай. Түүх сөхөж, өнөөгийн бодит байдлыг үнэнээр нь өгүүлбээс: Хятадын эзэрхэг зандалчид Өвөр Монголын маань түрэмгийлэн эзэлснээс хойш, дэлхийн түүхэнд байгаагүй хамгийн харгис, хамгийн жигшүртэй колончлолын ноёрхолоо тогтоож , Өвөр Монголчуудын эсрэг аймаглан устгах, хүчээр хятадчилан уусгах төрийн бодого явуулж ирсэн.

Монгол хэмээх нэртэй Монгол хүн бүрийг устгаж сөнөөхийн сацуу сая сая хятад цагаачдын Цагаан Хэрэмийн цаанаас Өвөр Монгол руу өдөр шөнөгүй нүүлгэн суурьшуулсаар… Монгол хэл соёл мөхөхийн ирмэгт тулаад байна. Цадахаа мэдэхгүй Хятад цагаачид хэмжээнээс хэтэрсэн тул Өвөр Монголын бэлчээр нутаг, газар ус, ой мод бүхэлдээ сүйдэж экологийн сүйрэлд нэгэнт орсон байна. Өвөр Монголчууд гал усны гашуун зовлонгийн дунд тарчлан зовж байна. Үүнийг дэлхийн бүх улс үндэстэн сайн мэднэ. “Булсан ч бултайна, далдалсан ч дардайна”.

Харин ухвар мөчид зарим Өвөрмонголчууд Монгол гаралтайгаа умартан, Бээжингийн харгис ноёрхолыг жигшин үзэхгүй, зовж буй Өвөр Монгол ахан дүүсээ хайрлан өрөвдөхгүй мөртлөө өөрсдийг нь дарамталж буй хятад ноёддоо пүүдэр түрхэн гоёлж, магтан дуулж бялдуучилна. Юутай инээдэмтэй. Юутай гутамшигтай. Жинхэнэ боолын сэтгэлгээтэй боол! Эзнийхээ их хөрөнгө зоорийг магтан сайрхсан усан тэнэг боолтой адилхан, хөөрхийеэ. Зарим Өвөрмонголчууд ийм өрөвдөлтэй байдалд орсонд бид үнэнхүү сэтгэл зовинож үнэнхүү ойлгож ядаж байна.

Эзэн Чингис хааны маань ижилхэн үр ач нь болсон Монгол улсын ард түмэн бол Өвөр Монголчууд бидний мах цусны тасархай төрсөн ахан дүүс мөнөөс мөн! Монголын ард түмэн түүхийн урт удаан хугацаанд, хоёр их гүрний хавчилган дор, далайд гарцгүй газар шороондоо, мянган бэрхшээл, түмэн зовлон туулан өнөөг хүртэл бүх Монголчуудын эх орон болсон Монгол улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол ба нэр хүндийг нь баттай хамгаалсаар, найдвартай мандуулан таpaacaap яваа нь юутай бахархууштай юутай баярлууштай!

Дэлхийн бүх Монголчууд Монгол улсын ард түмнээр бахархана. Чин сэтгэлээсээ та бүхэнд баярлалаа гэж хэлж байна. Монгол улсын ард түмэн бол Өвөр Монголчууд бидний, дэлхийн бүх Монголчуудын ахан дүүс мөн. Бид та нараараа бахархаж явна. Халх Монголчууд ахан дүүс минь ээ, бид та нартаа хайртай шүү. Энэ хайр маань хэзээ ч дундрахгүй, зүрх сэтгэлд маань үеийн үед бялхан цалгилах болно. Монгол улс, Монгол үндэстэн маань үеийн үед бадран мандтугай!

Өвөр Монгол Ардын Намын дарга Тэмцэлт /Ши Хай Мин/ Чингис хааны тооллын 801 оны өглөө. /Хятад хэлнээс орчуулсан М.Алтанбат/

Эх сурвалж:http://amgaa.blog.banjig.net/post.php?post_id=3913

Монгол

Монгол үндсэстэн


Монголчуудын тархсан байдал

Wednesday, November 28, 2007

Халимаг Монгол

1607 онд Ижил мєрєнд нvvдэллэн очсон Халимагууд 1655 онд Оросын хаанд элч илгээн тус улсын холбоотон нь болон суухаар тохирчээ. Тэд шарын шашин шvтдэг Зvvн гарын хаант улс, Монголчуудтай vргэлжийн харилцаатай байж єєрсдийн соёл, уламжлалаа тэр чигээр нь хадгалж vлдсэн євєрмєц хvмvvс юм. Халимагийн Аюук (1670-1724) хаан Петр I хаантай гэрээ байгуулан Оросын ємнєд хилийг Кавказынхан, Туркуудээс хамгаалах болсноор Оросын цэргийн гол холбоотон болов. Халимагууд зvгээр нэг Оросын харъяанд байсан жижиг угсаатан байсангvй 1681 онд Башкирыг Орост нэгтгэхэд, 1710 онд Туркын эсрэг дайнд, 1709 онд Шведтэй хийсэн Полтавын тулалдаанд, 1728 онд Персийн дайнд, 1786 онд Оросууд Кавказыг эзлэн авч Крымын хаант улсыг бут цохиход, 1910-1814 оны Орос-Францын дайнд (Ялангуяа алдарт Бородины тулалдаанд) тус тус Оросын гол холбоотон болж оролцож байжээ. Напелеон “Соёлт хvн тєрєлхтєн дайн байлдааны vед жигд цэмцгэр хувцас, ёслол тєгєлдєр жагсаал, нижгэр бємбєр гэх мэт цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Оросын армийн дунд хvн иддэг зэрлэгvvд байгаа ба тэдгээр махчдаас болж эр цэрэг ид хаваа vзvvлж чадахгvйд хvрч байна. Та тэр зэрлэгvvдийг турхирч араас нь Оросын армийн хvч чадал гэж хийрхэж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгvvдтэй бус тантай, Оросуудтай тулалдахыг хvснэ” гэж Оросын хаан I Александр-т захидал илгээж байлаа. Энэ дайнд халимагийн Тvндэв, Цэрэнжав Баруун монголоос ирсэн Жамъян, Цэвэгжав нарын удирдсан Халимаг цэргvvд Оросын армийн бvрэлдхvvнд явж Австари хvртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ. Иймээс их яруу найрагч А.С.Пушкин єєрийн шvлэгтээ “Талын нєхєр Халимаг” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. 1917 оны хувьсгалын дараа Халимагийн олон сурвалжтан, ноёдууд Франц, АНУ руу цагаачилсан бєгєєд Ижил мєрєндєє vлдэн єлсгєлєнд нэрвэгдсэн халимаг ах дvv нартаа 1922-1923 онд Монголын АЗГ-аас тусламж vзvvлж байсан тухай архивын мэдээ байдаг. Халимагууд нь одоо Астраханы губернд багтсан 10 аймаг, 150000 шахам хvнтэй Ойрадын Батут, Хэрэй, Дєрвєд, Хошууд, Харнуд, Тэлэнгит овог, яс орсон Автономит улс хэлбэрээр оршиж байна.

Эх сурвалж: http://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%B0%D0%BB%D0%B8%D0%BC%D0%B0%D0%B3

Tuesday, November 27, 2007

Буриад Монгол



Буриад(Буряад, Орос: бурят)нь монгол угсааны үндэстэн юм. ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улс, Усть Ордын Буриад болон Агын Буриадын автономит тойргууд, түүнчлэн Монголын хойд болон Хятадын зүүн хойд хэсгээр голлож оршин сууна.

Буриад нь Сибирийн холбооны тойрогт багтдаг ОХУ-ын субъект. Эрхvv ба Чит муж болон Монгол Улстай хилэлдэг. 2005 оны байдлаар 969.1 мянган хvн амтай, 351.3 мянган км2 нутагтай Нутгийн захын 60 гаруй хувь нь Байгал нуурын эрэг хєвєєнд оршдог.

Өвөр Монгол



БНХАУ-ын хойд хэсэгт орших Монгол угсаатны автономит эрх бүхий улс. Нийслэл нь Хөх хот. 1947 онд Хятадын коммунист намын нөлөөн дор Улаанхүү нар Өвөр Монголын өөртөө засах орныг байгуулсан. Монгол угсаатны газар нутаг боловч эдүгээ хүн амын 80 илүү хувь нь нангиад үндэстэн эзэлж буй.

Өвөр Монголын өөртөө Засах оронд амьдарч буй Монгол үндэстэнд: Цахар, Хорчин, Харчин, Дөрвөд, Барга, Буриад, Түмэд, Мянгад зэрэг олон ястан хамаарна.

Их Монгол улс





Их Монгол улс буюу Монголын эзэнт гүрэн(1206–1405) нь монгол газар нутагт байгуулагдсан түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн газар нутагтай эзэнт гүрэн юм. Хамгийн хүчирхэг үедээ 33 сая километр квадрат газар нутгийг эзэлж ойролцоогоор 100 сая хүн амтай байв. Зөвхөн Британы эзэнт(Британы эзэнт гүрэнд колон улсууд нь орсон ба Монголын эзэнт гүрэнд сибирийн аглаг тайга ороогүй. Эзэмшил газраар нь авч үзвэл бол Монголын эзэнт гүрэн дэлхийн түүхэн дэх хамгийн том гүрэн) гүрэн газар нутгийн хэмжээгээр том байснаар Монголын эзэнт гүрэн нь түүхэн дэх хоёрдахь том эзэнт гүрэн хэмээн тэмдэглэгджээ. 1206 онд Чингис хаан анхлан байгуулсан бөгөөд алтан үедээ Зүүн Азиас Зүүн Европ хүртэлх өргөн уудам газар нутгийг эзэмшиж байв.

Ази Европын олон арван хот улсуудыг сөнөөж хэдэн арван сая хүнийг өөрсдийн эрхшээлдээ оруулсан авч монголчуудын цэргийн тоо нь 250000 -аас хэтэрч байсангүй. Чингис хаан төв ази, одоогийн Монгол улсын газар нутаг дахь олон арван тархай бутархай нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Зүрчидийн Алтан улс, Умард Хятадын Тангуд болон Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулснаар их гүрний үүсэл хөгжил эхэлжээ.


Эх сурвалж:http://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD_%D1%8D%D0%B7%D1%8D%D0%BD%D1%82_%D0%B3%D2%AF%D1%80%D1%8D%D0%BD

Монгол үндэстэн

Монгол гэдэг нь Монгол Улс,Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хойд хэсэгт орших Өвөр Монголын Өөртөө Засах Оронтой хил залган орших Монголын тал хээрээр төвлөрөн,Еврази эх газарт оршин суудаг нүүдлийн болон суурьшмал соёлтой үндэстэн.Алтай хэлний язгуурын монгол хэлээр харилцана. Өдгөө Монгол Улсад 2 сая 600 мянга гаруй, Хятадад 10 орчим сая монголчууд амьдардаг гэж үздэг бөгөөд нүүдэлчний хэв маягаас суурьшмал амьдралд шилжсэн хүн олон бий. Хятадад байх өвөр монголчуудын дунд монгол хэлээр ярьж үл чадах монголчууд цөөнгүй.

Хүн амын ихэнх нь буддын шашны нэг урсгал болох шарын шашныг шүтдэг бөгөөд энэ утгаараа Төвдтэй түүхэн холбоотой।

Монгол Улсын хүн амын ихэнх нь Халх хэмээн нэрлэгдэх бүлэгт хамаардаг. Монголын Эзэнт Гүрэн задарсны дараа Зүүн Монголыг халх түмэн хэмээн нэрлэх болсон нь аажмаар угсаатны нэр болон төлөвшсөн гэж үздэг. Өдгөөгийн Өвөр Монголчуудын ихэнх нь Халх боловч Хятад соёл, Хятад цус шингэсэн цэвэр Халх биш гэж үздэг.

Шинжаан Уйгурын Автономит Тойргийн нутгийн хойт хэсгийн Зүүнгар Цинхай Муж Төвдийн Дамү зэрэг нутгаар 15 дугаар зууны үеэс Манжийн эрхшээлд орох хүртлээ оршин тогтнож байсан Зүүнгарын Хаант Улсыг бүрдүүлж байсан Ойрдын үлдэгдэл оршин суудаг. Ойрдууд нь Монгол улсын баруун хэсэг болон Өвөр Монголын баруун хэсгээр мөн тархсан боловч ойрдуудыг ерөнхийдөө монгол үндэстэнд оруулж үздэг.

Оросын автономит улсуудын дунд монгол угсаатанд хамаарах Халимагийн Бүгд Найрамдах Улс Буриадын Бүгд Найрамдах Улс, түүнчлэн Усть-Ордын Буриад Агын Буриадын автономит тойргууд бий.Халимагууд нь 17 дугаар зууны эхэнд Волга мөрөн орчим руу шилжин суурьшсан Ойрд үндэстний нэг хэсэг ба Орос Улс өөртөө дагаар орсон монголчуудыг буриадууд хэмээн нэрлэн, тэр нь аажмаар шинэ угсаатан болж бүрэлдсэн гэж үздэг. Монгол Улсад оршин суух Буриадуудын ихэнх нь 20 дугаар зууны эхэнд Хятадаас салан тусгаарлах хөдөлгөөн өрнүүлэн, Монгол Улс руу шилжин суурьшсан.

Тува нь уламжлал, зан заншлын хувьд монголжсон хэдий боловч хэл болон угсаа гарвалыг нь харгалзан монголчуудын тоонд багтаасангүй.

Түүнчлэн, Хятадад Дагуур、Тунгус、Баоань、Тоу зэрэг монгол хэлний бүлэгт хамаарах хэлээр ярилцдаг цөөнх үндэстнүүд оршин суудаг. Хятадын Коммунист Засгийн Газар нь тэднийг "монгол үндэстэн" биш гэж үздэг ч тэд өөрсдийгөө монголчуудын нэг хэсэг гэж үзэх нь элбэг.

Эх сурвалж : http://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB_%D2%AF%D0%BD%D0%B4%D1%8D%D1%81%D1%82%D1%8D%D0%BD

Өнөөгийн Монгол улс

Монгол улс нь Ази тивийн зүүн хойд хэсэгт, ОХУ болон БНХАУ-ын дунд эх газрын төвд оршдог улс юм. Газар нутгийн хэмжээ нь 1.565.600 хавтгай дөрвөлжин км, энэ нь дэлхийд 19-т жагсдаг юм. Нутгийн зүүн, баруун болон өмнөд хэсгээр нийт 4673 км Хятадтай, хойд талаараа 3485 км-ийг Оростой хиллэдэг юм.

2.6 сая хүн амтай, хүн амын суурьшлаар бусад оронтой харьцуулахад хамгийн сийрэг орны тоонд орно. Нийслэл хот Улаанбаатарт 1 сая гаруй хүн оршин суудаг. Мөн тус улсын томоохон хотын тоонд аж үйлдвэр түлхүү хөгжсөн Дархан, зэсийн үйлдвэрлэлийн төв болох Эрдэнэт багтана. Хүн амын 60 орчим хувь нь хот суурин газарт, 40 орчим хувь нь хөдөө, орон нутагт оршин суух бөгөөд тэдгээрийн олонх нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг.

Wednesday, October 24, 2007

ХАЙЛЖ БУЙ ДЭЭД МОНГОЛ!

Д. Бум-Очир (dbochir@yahoo.com) Кембрижийн их сургууль Их Британи -

Британий Монголчуудын чуулга уулзалтад тавигдаж Цахим Єртөө болон Монгол банкны Єргөмжлөл тусгай шагнал хүртсэн илтгэл

Робинзон Крузогийн шинжлэх ухаан

1990-ээд оноос хойш дэлхий дахинд хүчтэй ноёрхож слав хэлээр хөлөглөсөн коммунист засаглал нуран унаснаар олон хүмүүс дэлхий нийтийн мэдээллээс хоцрогдохоо хоцрогдож басхүү тэнд дуу хоолойгоо хүргэж амжаагүйгээ улам ихээр мэдэрч эхэлсэн болов уу. Энэ байдал олон нийтийн мэдээллээр зогсохгүй бас монголын шинжлэх ухаанд хамаатай юм. Монголд олон чиглэлээр чадалтай сайн эрдэмтэд онол судалгаагаа уралдуулж нэгэн үе түүнийгээ орос хэлээр дамжуулан дэлхий нийтэд хүргэх зам тавьж байсан боловч тэр нь голдуу слав хэлтнүүд болон коммунист засаглалаар хязгаарлаж байсан нь дамжиггүй ээ.

Коммунизм гэдэг томоохон арал живж үгүй болох цагт сүүлийн хэдэн жил бид дэлхийд гарах гүүрээ бэлдэж монгол гэдэг түүнээс ч жижигхэн арал дээрээ жаахан сууцгаалаа. Ингээд бодохлоор бидний орчин үеийн шинжлэх ухаан эзгүй арал дээр байгаад байх шиг санагдана. Англи хэлийг эрчимтэй сурч барууны олон оронд олон монгол оюутнууд суралцаж, олон эрдэмтэд ажиллаж айлчилж мэдээлэл солилцож эхэлж буй энэ үед олон хүмүүс бидний судлаад яриад байдаг олон зүйлийг аль хэдийнээ барууныхан судалчихсан ярьчихсан харин бид мэдээгүй өнгөрчихсөн байгаатай нүүр тулсан биз ээ. Ийнхүү шинэ соргог мэдээлэлтэй нүүр учрах бүрийдээ олсон, дуулсан, сонссон мэдсэнээ мэргэжил нэгт номын нөхөд, оюутан залуучууд, цаашилбал монгол түмэндээ хүргэж дуулгаж хуваалцмаар, түгээмээр, дэлгэрүүлмээр санагдах нь хэн бүхэнд цөөнгүй тохиолдсон байх. Энэ бол арал дээр байснаа мэдсэний нэгэн илрэл гэлтэй. Энэ бол монгол хүний оюуны чадал сулаас болсон хэрэг биш харин ч нийгэм түүхийн эгзэгтэй нугалаанд хавчигдан хашигдсан бидний аугаа их түүхийн нэгээхэн жижиг хугацаа юм.

Яг л ийм хувь зохиолоор монголд судалгааны олон шинэ салбар, арга зүй тэр ч бүү хэл бүхэл бүтэн бидний огт мэдэхгүй шинжлэх ухааны шинэ салбар дэлгэрч байгаагийн нэг нь яахын аргагүй "Нийгэм-соёлын хүн судлал" (Британид Social Anthropology, Америкт Cultural Anthropology) мөн юм. "Хүн судлал" гэсэн энгийн бөгөөд ерөнхий нэрэн дор бид юу ч багтааж болно. Єөрөөр хэлбэл, шинжлэх ухааны ямарч салбар шууд болоод шууд бус утгаараа "хүн судлал" байж болох юм. Хэдий тийм боловч энэхүү өргөн утгаас гадна "хүн судлал" гэдэг шинжлэх ухааны тодорхой хэдэн салбар байдгийг бид мэдэх ёстой. Хамгийн түгээмэл нь "Биологийн хүн судлал" (Biological Anthropology) болоод "Нийгэм-соёлын хүн судлал" хоёр болно. Хэдийгээр энэ хоёр "хүн судлал" буюу anthropology гэдэг ерөнхий ухагдахууны хувьдаа холбоотой боловч нэг зүйл огт биш билээ. Харин ч өөр өөрийн судалгааны онол арга зүйтэй, өөр өөр судлагдахуунтай, нэг нь байгалийн шинжлэх ухааны нэгэн зүйл, нөгөө нь нийгмийн шинжлэх ухааны нэгэн салбар.

Биологийн хүн судлал монголд үүсч хэдхэн жил болоод чамлахааргүй амжилттай байгаа бол харин нийгэм-соёлын хүн судлал дөнгөж одоо л монголд төрөх гэж оролдож байгаа гэж хэлэхэд хэлсдүүлсэн болохгүй ээ . Монголд монгол судлал, угсаатны судлал, соёл судлал, нийгэм судлал зэрэг нийгэм-соёлын хүн судлалтай төстэй салбар байх боловч аль нь ч түүнийг орлохгүй өөр өөрийн онцлогтой.

Нийгэм соёлын хүн судлалын тухай товч


Нийгэм соёлын хүн судлал 20-р зууны эхэн үеэс анх Британид гүн ухаан болон нийгэм судлал хоёр дээр суурилан үүсэж хөгжсөн. Тиймээс ч одоо хэр нийгэм-соёлын хүн судлалыг "хүнтэй гүн ухаан" харин гүн ухааныг "хүнгүй гүн ухаан" гэж хошигнон хэлдэг нь санамсаргүй хэрэг биш юм. Сонгодог утгаараа нийгэм-соёлын хүн судлал улс төр судлал, шашин судлал, эдийн засаг судлал, ураг төрлийн холбоо судлал гэсэн хүний нийгмийн бараг бүхий л зүйлсийг судалдаг өргөн агуулга бүхүй дөрвөн гол чиглэлтэй. Сонсогч уншигч хэн бүхэнд нэн тэргүүнээ төрөх асуулт бол, тухайлбал, "нийгэм-соёлын хүн судлалын улс төр судлал" гэгч "улс төр судлал" гэдэг бүхэл бүтэн том шинжлэх ухаанаас ямар ялгаатай эсвэл "эдийн засаг" гэдэг том ухаан байхад "нийгэм-соёлын хүн судалын эдийн засаг судлал" юу судалдаг юм бэ гэхчилэн асуух байхаа. Хүн судлаачид хариуд нь "улс төр судлал улс төрөө судлаад түүн доторх хүнийг нь анхаардаггүй", "эдийн засаг судлал эдийн засгаа судлаад түүн доторх хүнийг анхаардаггүй" гэхчилэн хариулах нь түгээмэл. Энэ мэтчилэн тэдгээр том шинжлэх ухаанд алинд нь ч багтаддаггүй "жижиг" хэмээн орхигдсон асуудлуудыг хүн судлал судалдаг. Тухайлбал, Америкийн эдийн засаг судлал америкийн уугуул индиан овгийн хоол хүнсээ хэрхэн залгуулдаг асуудлыг судалдаггүй, Монголын улс төр судлал багш сурагч хоёрын хоорондох бодлого, бичил улс төрийг судалдаггүй байх жишээтэй.

Шашин судлал ч ялгаагүй шашныг судлахаас биш харин түүн дотор хүн юу хийж, юу бодож байгааг тэр бүр анхааран үздэггүй. Харин энэ бүхнийг хүн судлал судалдаг. Хүн судлалын өөр нэгэн онцлог нь өөрийн нийгэм соёлоос илүү өрөөл бусдын соёл нийгмийг судалдаг чанар юм. Энэ утгаараа нийгэмд эдийн засаг шиг ч юмуу анагаах ухаан шиг ус талх шиг зайлшгүй нэн тэргүүнээ шаардагдах хэрэгцээ биш ч гэсэн огт хэрэггүй зүйл биш юм.

Энэ чанар нь нийгэм-соёлын хүн судлалыг "хөршөө таних ухаан" гэж товчхон томъёолсон нь ч байдаг. Дэлхийн олон үндэстнүүд битгий хэл цөөхөн монгол угсаатнууд бие биеэсээ хэл соёл, сэтгэлгээнийхээ байдлаар ихээхэн ондоошсон байдаг. Хамгийн ойрын жишээ дурдахад бид хятадуудыг шавьж хорхой иддэг гэж гайхаж байхад тэд биднийг морины нуруун дээр амьдардаг гэж гайхаж суудаг. Хүн судлал хамгийн энгийн утгаараа энэ л хичнээн зуун жил хамтран бөөр нийлэн суусан хөршийнхөө талаарх гайхширлыг арилгах, энэ талаар илүү ихийг олж мэдэж ойлгох гэсэн оролдлого гэж хэлж болно. Бие биенийгээ илүү таньж мэдсэнээр үл ойлголцох харилцаанаас зайлсхийж чадах юм. Хүн судлалын энэ чанарыг анх колончлолын үед улс төрийн зорилгоор ашиглаж байсан юм. Тухайлбал, Англичууд энэтхэгчүүдийг колончлохын тулд энэтхэгчүүдийг таньж мэдэж байх шаардлага тулгарч үүнд хүн судлал ач холбогдлоо өгч байжээ. Энэ нь зөвхөн колончлох гэдгээр хязгаарлагдахгүй колонлогдож буй хэсэг нь ч колончилж байгаа бүлэг хүмүүсийг таньж мэдэхэд хэрэгтэй. Энэ талаараа хүн судлал соёл судлал, тухайлбал монгол судлалаас ялгарах юм. Учир нь соёл судлал гэдэг бол өөрийн соёлоо л судлахаас биш гадны соёлыг судалдаггүй.

Хэрвээ хэн нэгэн гадны соёлыг судалвал тэр нь гадаад судлал болох бөгөөд, монголын жишээн дээр л гэхэд нэн тэргүүнээ МУИС-ийн Гадаад хэл соёлын сургууль санаанд буух биз. Гэтэл тэр сургууль маань гадаад хэл л сургадаг гэдгийг хэн бүхэн мэднэ. Ингээд үзвэл бидэнд гадаадыг судалдаг шинжлэх ухаан байхгүй бололтой. Магадгүй нийгмийн хөгжлийн үүднээсээ манай улс хүнийг судлах нь битгий хэл өөрийгөө яана гэж байгаа гэж олон хүн хэлэх байх. Үүнд хоёр хариулт өгч болно.

Эхнийх нь, хөгжлийн шатанд тун удахгүй бид талхаа төвөггүй олж иддэг болоод хөршүүдээ гүн гүнзгий судлах шаардлага юу юугүй тулгарах нь дамжиггүй.

Удаах хариулт хүн судлал зөвхөн гадаад улсыг судлах гэсэн утгатай бус харин арай жижиг хүрээнд "гадаад угсаатнуудыг" бусад буриад, дархад, дөрвөд гэхчилэн монгол угсаатнуудаа, түрэг, казах, сибирийнхэн гэхчилэн алтай язгуур хэлтнүүдээ судлах хүрээнд ойлгогдож болно. Түүнчлэн өөрийнхөө соёлыг ч хүн судлалын үүдээс (энэ утгаараа соёл судлал юмуу монгол судлалтай төстэй болно) судалж болдгийг native anthropology гэдэг.

Нийгэм-соёлын хүн судлалыг зүгээр нэг хөршөө таних ухаан гэж хэлвэл бас түүний онцгой чанарыг бүрэн тодорхойлоогүй орхисонд тооцогдоно. Нийгэм соёлын хүн судлалд бусад нийгмийн ухааны салбаруудад алинд нь ч байдаггүй давтагдашгүй судалгааны арга зүй байдаг. Энэ нь participant observation буюу "биечлэн дагах арга зүй" юм. Хүн судлаачид судалж буй бүлэг хүмүүс, тэдний нийгэм дотор хамгийн наад зах нь арван хоёр сар буюу түүнээс дээш хугацаагаар тэдэнтэй хамтран амьдардаг. 20-р зууны эхэнд хүн судлалын эцэг гэгдэх Британид сууршсан Польш гаралтай эрдэмтэн Малиновский номхон далайн Тробрианд арлынхны дунд зургаан жил суурин судалгаа хийж тэнд амьдарч байсан түүхтэй. Харин өнөөгийн судлаачид судалж буй хүмүүсийнхээ хэлийг мэдэхгүй бол хоёр жил хүртэлх хугацаагаар хээрийн судалгаа хийж тухайн хүмүүсийн хэл соёлд нэвтэрхий суралцдаг.

Зарим тохиолдолд судлаач энэ хугацаанд хоёр буюу түүнээс олон хэл сурах ч шаардлага тулгарч болно. Хамгийн наад захын жишээ хэлэхэд Хятад улс дахь Төвд судлаач барууны оюутнууд төвд болон хятад хэл харин хятад дахь монгол угсаатнуудыг судалж байвал монгол болон хятад хэлийг хослуулан эзэмшдэг. Хүн судлал үүгээрээ юу хэлж байна вэ гэвэл хүн болоод түүний нийгэм соёл гадны нүдээр өнгөцгөн гүйлгэж хараад ямар нэгэн дүгнэлт хийж болох тийм энгийн зүйл биш гэдгийг сануулж байгаа юм. Бүр цаашилбал, хэн нэгэн хүн юмуу бүлэг хүмүүс хөршийнхөө тухай нарийн сайн судалж мэдээгүй, бүрэн таниагүйн хар гайгаар ташаа сэтгэгдэл сууж аливаа шийдвэрээ тэр л ташаа дүгнэлтэнд тулгуурлан гаргах өрөөсгөл харилцааг буруушааж байна гэсэн үг.

Иймээс хүн судлалын тавьж буй шаардлага бол гадны хүн буюу судлаач судалж буй нийгмийнхээ нэгэн эд эс нь болтолоо гүнд нь нэвтэрч, хэрвээ европын судлаач Төвд судалж байгаа бол "төвд болох", Монгол судалж байгаа "монгол болох", Ємнөд Африкийн Зүлүчүүдийг судалж буй бол "зүлү хүн" болохыг шаарддаг.

Тэд мөстэй хүйтэн голын усанд орж зогсоод хэдэн цагаар ан хийх юмуу эсвэл магадгүй бясалгал хийж байвал судлаач мөн л түүнийг хийж, янз бүрийн шавьж хорхой, тарвага зурам, амьд сармагчны тархиар хооллож байвал мөн л тэгж хооллох нь хүн судлаач хүний үүрэг. Тийм ч учраас хүн судлаачид судалж буй газартаа хуурай эцэг эх, ах дүү, төрөл садан, анд нөхөдтэй болж магадгүй насан туршийн холбоо тогтоодог. Анх намайг энэ чиглэлээр суралцаж эхлэхэд бидний англи өвгөн профессор эгч нь өөд болчихлоо гээд Европын хаа нэгтээ биш харин Гималайн нурууны суган дахь Нипал руу явж байсан нь үүний нэгэн жишээ.

Хүн судлалын дэвшүүлж буй энэ шүүмж хэн бүхэнд байдаг хүний нийгмийн зан гэж хэлж болно. Нээрээ л хүн, танихгүй мэдэхгүй байж сайлж муулах дуртай, голгүй мэдээлэл дээр дүгнэлт яаран гаргамхай төрөлхтөн юм. Монголчуудын жишээн дээр л гэхэд "дөрвөд хүн хүн биш", "буриад хүмүүс нанчилдаантай", "өвөрлөгч хүн хужаа санаатай", "төвд хүн харанхуй бүдүүлэг", "англичууд хүйтэн хөндий, их зантай" гэхчилэн бидний мэдэх олон танил дотно дүгнэлтүүд бий. Энэ үнэхээр үнэн үү? Үнэндээ бид үнэн худлыг нотлоогүй магадгүй хэн ч хэзээ ч нотлохгүй, хэн нэгэнд тохиолдсон байлаа ч гэсэн ганц нэг жишээ бүхэл бүтэн үндэстэн угсаатныг төлөөлж чадах бил үү! Энэ мэтийн өрөөсгөл сэтгэлгээ нийгэм даяр ноёлж байдаг нь монголд ч биш дэлхий нийтэд түгээмэл гэж дэлхий даяар хэсэн судалдаг хүн судлаачид санал нэгтэй хэлнээ.

Иймэрхүү үндэсгүй өрөөсгөл сэтгэлгээний нэгэн жишээ болгон "Дээд Монголын" талаар дурдасуу.

Дундад улс дахь монголчуудын тухай бидний төсөөлөл




"Дээд монгол" гэж нэртэй монгол угсаатан байдаг гэдэг тухай монгол судлаач болж байсан би хүртэл саяхан болтол мэдэхгүй байсан нь ичгэвтэр бас гутамшигтай гашуун үнэн билээ. Харин "Хошууд монгол", "Хөх нуурын монгол", Гүш хаан гэвэл мэдэх хүн нэлээд хэд нэмэгдэнэ. Учир нь Дээд монгол гэдэг тэдний нэр харьцангуй хожуу бий болсон бололтой. Харин удаах Хошууд, Хөх нуурын монгол гэдэг нэр харьцангуй эрт үед хамаарч, бичиг сурвалжид их дурдагдаж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Бид эртний нэрийг нь мэдээд арай хожуухан бий болсон ардын дунд өргөн хэрэглэгддэг нэрийг нь мэдэхгүй байна гэдэг бол бид түүх болоод өнгөрсөнөө дэндүү их нандигнаж түүнийгээ мэдэхийг эрхэмлэх боловч түүний хажуугаар мэдээллээ шинэчлэхгүй, орчин цагт болж байгаатай хөл нийлүүлэхгүй хоцрогдож байгааг харуулж байна гэлтэй.

Энэ бол мөн л хүн судлалын өнгөрсөнийг биш харин илүү одоог судалж илтгэж мэдээлдэг бас нэгэн онцлог юм. "Дээд монгол" гэдэг асуулт биднийг монголын тухай хэр мэдэх вэ гэдэг асуултанд унагаж байгаа юм. Цааш нь тэгвэл бүр Хор, Баоань, Дуншаан, Монгур буюу Цагаан монгол гэхчилэн олон монгол угсаатнуудын тухай асуултнуудад бид дараа дарааллан унах нь гарцаагүй. Бид өнөөдөр өөрсдийгөө хоёр сая таван зуун мянгуулаа л гэж боддог. Үнэндээ бид найм орчим саяулаа гэдгээ мэдэх хүн цөөхөн бизээ. Энэ тоо алтай язгуур хэлтэн, түрэг угсаатнууд ч биш зөвхөн монгол угсаатны тоо юм. Арга ч үгүй дээ золоор нэрээ авч хоцорсон, улсаа тунхагласан нь найман саяасаа бид юм хойно омог бардам бусдадаа дээрлэхүү байх нь аргагүй ч биз, бас бидний амжилтыг энд тэнд толгой хоргодох бусад таван сая хагас монголчууд маань бахдах нь ч аргагүй биз. Харин бид бие биенийхээ тухай огтхон ч мэддэггүй нь гачлантай.

Одоо дэлхий дээр нийт найман сая монгол угсаатан байдаг тухай мэдээ бий. Түүний дөрвөөс таван сая нь хятад улсад аж төрдөг. Түүнийг нарийн шүүж үзвэл ядаж дөрвөн сая нь цэвэр монгол гэдэг (цэвэр монгол гэж юу билээ?). Үлдсэн нь соёлын хувьсгалын үед үнэн худал хэлж цөөн тоот үндэстэн байхын ашиг хонжоо бодож монгол гэж бүртгүүлсэн хятад иргэд эсвэл ураг холдож өөр үндэстэнтэй нийлсэн хүмүүс байж болно.

Тэдний тухай бид хэр мэдэх билээ? Бид тэднийг Эрээн дээр наймаа хийж, Бээжинд монголчуудыг хууран мэхэлж мөнгө салгадаг гэж л мэддэг. Тиймээс бид тэднийг "Хужаа" гэж муучлан нэрлэдэг. Ихэнх монголчуудын хувьд дундад улс дахь бүх монголчууд "Хужаа" гэдэг нь тодорхой. Єөрөөр хэлбэл "хятад" гэсэн доромж утгаар бид хэрэглэх буюу уул гарал нь "наймаачин, худалдаачин" гэсэн утгатай хятад үг гэж дуулсан юм байна.. Бидний хамгийн ойрхон харилцаж чадаж байгаа нь наймаа арилжаагаар дамждаг. Євөр монголчууд ч гэсэн хүн л юм хойно наймаа хийлгүй л яахав, зарим нэг нь Эрээн, Бээжин хавиар эргэлдэлгүй ч яахав, зарим нэг нь наана цаана хэлж хэдэн бор юм ололгүй ч яахав. Энэ бол зөвхөн "Хужаагийн" хийдэг хэрэг биш харин ямар ч үндэстэн хэн ч хийж болох зүйл. "Хужаа" нарыг бүү хэл монголчууд өөрсдөө ч бие биенээ мэхэлж хэдэн бор юмтай болох нь элбэг үзэгдэл болоод байгаа. Євөр монголыг зурагтаар хальт харж даажигнах, Эрээн, Бээжин дээр хааяа тааралдаж өмд гутлын хэрүүл хийхээс өөрөөр бид тэднийг огт мэдэхгүй, тэр цөөхөн хэдэн тааралдаж байгаа хүмүүс бусад дөрөв, таван сая хүнийг төлөөлж чадахгүй нь лавтай. Жинхэнэ Євөр монгол айлд хөдөө очиж үзсэн монгол хүн тоотой хэд байж чадах уу үгүй юу! Гэтэл үнэндээ тэдний ихэнх нь хөдөө мал маллаж, зарим нэг нь газар тариалан эрхэлж монгол байхын төлөө үхтэлээ тэмцэж, хэл соёлоо биднээс илүү эрхэмлэдэг гэдгийг бид мэддэггүй.

Түүнээс гадна монголчууд бид дундад улс дахь бүх монголчуудыг бүгдийг нь "өвөр монгол" гэж боддог. Дундад улс дахь монголчуудын ихэнх нь Євөр монголын өөртөө засах мужид байх боловч бүгдээрээ биш гэдгийг бид мэдэж байвал зохино. Дундад улсын бусад мужуудаар хэлэх юм бол, Шинжааны монгол, Леонингийн монгол, Сичиуаны монгол, Юнаны монгол, Шижаны монгол, Гансугийн монгол, Чинхай буюу Хөх нуурын монгол гээд бидний огт дуулаагүй сонсоогүй монгол угсаатнууд олон байдаг. Бид тэднийг бүгдэнгий нь "Хужаа" гэж гадуурхаад мэдлэггүй мэдээлэлгүйгээ гайхуулсаар байх уу? Саяхан нэг анд маань Америкт бид бүгд хятадууд болчихдог "Харууд намайг хятад гээд байхаар нь чи өөрөө Африкийнх уу гэж хэлж би уурлуулдаг юм" гэж хэлсэн нь санаанд бууж байна. Австралид ч хар арьстан уугуул хүмүүс бий шүү дээ. Үүний нэгэн жишгээр Дундад улсынх л бол "Хужаа" байж таарахгүй ээ.

Xөх нуурын монголчууд буюу Дээд монголчууд




Бидний нүдэнд ийм л нэгэн хувь зохиолтой үзэгдэх төрөл садангуудын маань нэг нь Хятадын баруун хойт хэсгийн Гансу, Сичуан, Шижан, Шинжаан дөрвөн мужын дунд орших уугуул Төвдүүдийн нутаг болох Чинхай буюу монголоор Хөх нуур мужид төвд, хятад болон хасаг, хотон, салар лалын шашинтнуудын дунд аж төрдөг Хавт Хасарын удам, түүхэнд бол Хошууд гэгдэх дөрвөн Ойрдын нэг одоогийн Дээд монголчууд юм. Монголчуудын асуудаг тэд монгол уу, монголоор ярьдаг уу, мал малладаг уу, айраг уудаг уу, төвд болчихсон биз дээ, хятад болчихсон биз дээ гэх олон асуултууд яг л бид баруунд ирэхээр танай монголд байшин бий юу, машин бий юу гэдэг бүдүүлэгхэн гадаадынхны асуултуудтай адил юм. 2003 онд надад удаан хугацааны хээрийн шинжилгээний ажил хийх боломж тохион нэгэнтээ монгол дахь угсаатнуудаа судлах боломж өнгөрсөнд ч чамгүй гарч байсан ирээдүйд ч гарах тул энэ удаад гадны монголчуудыг судлах хүсэл төрж Хөх нуурын монгол гэж бидний хамгийн бага мэдэх монгол угсаатнуудын нэгийг сонгон авсан билээ. Ингээд 2003-2005 оны хооронд нийт 13 орчим сар Дээд монголын малчин айлд амьдарч босон суун тэдний дунд судалгаа хийж дээрх бүдүүлэг асуултнууддаа хариу олсныгоо та бүхэнтэй хуваалцъя.

Хөх нуур мужийн монгол гээд хэлэх нь бас тийм оновчтой нэрийдэл биш юм. Учир нь Хөх нуурт л гэхэд гурван өөр түүхтэй, гурван өөр монгол угсаатан амьдардгийн нэг нь л Дээд монголчууд юм. Нөгөө хоёр нь Цагаан Монголчууд болон Баоаньчууд болно. Энэ гурван Монгол угсаатнуудын алиных нь тухай ярьсан зах залгаа Гансу мужийн тухай бас дурдах шаардлагатай. Тэдний зарим засаг захиргааны нэгжийн хувьдаа Гансу мужид багтах нь нэлээд бий. Энэ хоёр мужид нийлээд Цагаан Монголчуудын хүн ам 150 000 орчим, Баоань 10 000 орчим, харин Дээд монголчууд 80 000 гаруй, үүнээс 70 000 гаран нь Хөх нуурт үлдсэн нь Гансугийн Сүбэй суманд бий.

Товчхон дурдахад, Цагаан монголчууд 13-р зууны 1227 оны орчимд энэ газар дайлаар ирсэн Сүбэдэй жанжны цэргүүд гэлцдэг. Баоаньчуудын түүх тодорхойгүй боловч Цагаан монголчуудынхтай төстэй гэж судлаачид таамаглажээ. Тэд аль аль нь өөрийн бичиг үсэггүй боловч монголоор ярьдаг хэвээрээ. Дээд монголчуудын хэлэхээр тэдний дунд нэг сар суухад монгол хэлтэн хэн боловч төвөггүй ойлголцдог болно гэдэг. Нэгэнтээ Хөх нуурт гурван монгол бий тул Хөх нуурын монгол гэвэл чухам хэнийг нь хэлж байгаа нь тодорхойгүй нэрийдэл болчихно. Харин миний энд танилцуулах гэж байгаа угсаатан бол Цагаан монгол, Баоань биш харин Дээд монгол билээ.

Дээд монголчуудыг Хошууд гээд шууд нэрлэвэл бас л учир дутагдалтай. Учир нь Дээд монголчуудын дунд олонх нь хошуудууд мөн боловч бас цорс, торгууд, цөөхөн халхчууд ч бий. Тэдний түүхийн хувьд гэвэл монголчуудын мэдлэгт хамгийн ойрхон буух мэдээлэл бол Цогт Тайж уран сайхны кино юм. Энэ түүхэн кино яг л Дээд монголчуудын Хөх нуурт хэрхэн ирсэн тухай өгүүлдэг. 17-р зууны дунд үед Төвдийн бурхны шашин Гэлүг-па болон бидний хэлж заншсанаар шарын шашин, Нинма-па буюу бидний мэдэх улааны шашин хоёрын мөргөлдөөн ширүүсч Халхын Цогт хун тайж улааны шашинтан байж, түүнийгээ өмгөөлөн дэмжиж Хөх нуурт ирэн шарын шашинтнуудыг алж талан, шахан гадуурхаж, тэр үеийн шарын шашны тэргүүн 5-р Далай ламын байр суурийг хөдөлгөж эхэлсэн гэдэг. Яг л энэ мөчид Ойрд монголчууд шарын шашинтан байж, мөн тэд дотроо бэлчээр нь хүрэлцэхгүй багталцаж ядан байх тэр мөчид 5-р Далай лам дөрвөн ойрдын нэг Хошуудын хан Төрбайхыг залан, туслан тэтгэж Халхын Цогт ханы халдалгаас хамгаалж өгөхийг хүссэн ажгуу. Энэ нь багтаж ядалцаж байсан тэдэнд аятай боломж болон таарч төдөлгүй Төрбайх албат иргэдээ дагуулан Хөх нуурын зүг жолоо залжээ. Ингээд бидний кинонд үзсэн шигээр Хөх нуурын хойд эрэгт байх "Улаан хошуу" гэдэг газар хоёр монгол төвдийн шашны мөргөлдөөний төлөө удам угшил нэгтнийхээ цусыг үзэж улаан хошуу болтол нь тулалдаж Төрбайх ханы ялалтаар төгссөн билээ. Харин Цогтын удам ийнхүү цөөхөн хэдэн халх болж энэ газар үдлсэн нь энээ. Үүнээс хойш Төрбайх хан Далай ламын хамтаар шарын шашныг мандуулж, Далай лам Төрбайх ханд шашныг дэлгэрүүлэгч Гүш хаан цолоор шагнасан нь одоо бидний хэрэглэх түүний нэр нь болсон. 1655-1723 оны хооронд төвд болон Хөх нуурын өндөрлөгт Гүш Хаан өөрийн Хошууд хаант засгийг байгуулан 70-аад жил оршин тогноод 1723-ны Гүш хааны ач Лувсандазан Манжийн ноёрхлын эсрэг босоод дарагдан мөхсөн байна. Түүнээс хойш тэдний төрөл нэгт монголчуудаасаа алслагдан салсан үндэстний мөхлийн ирмэг рүү чиглэсэн он жилүүд эхэлсэн гэхэд дэгсдүүлсэн болохгүй ээ.

Одоо Хөх нуур мужид хоёр томоохон бүлэг Дээд монголчууд байх бөгөөд тэдний тэдний нэг Хэнаны Дээд монголчууд гэж нэрлэгдсэн 32 800 орчим хүн Хуангнан Жэүд байдаг харин нөгөө үлдсэн нэг бүлэг нь олонх нь Хайши Жэүд буюу нуурын баруун талд, зарим нь Найнан Жэү болон Найбэй Жэү буюу нуурын хойд урд талаар нутагладаг. Энэ хоёр бүлгийг дөхөмхөн Төвд болсон Төвд болоогүй Дээд монгол гэж болно. Хэнаны Дээд монголчууд төвдийн нөлөөнд маш их автсан бөгөөд одоо цөөхөн хэдэн өндөр настайчуудаас бусад нь монгол хэл, бичиг мэдэхгүй болсон байна. Харин нуурын баруун, урд хойд талд байх Дээд монголчууд одоо хэр монгол бага, дунд сургуульд суралцан монгол үсэг бичиг хэрэглэж, монгол хэлээр ярилцдаг. Тэдний хэл Ойрд аялгуутай (баруун монголчуудтай төстэй) боловч бидний хэлтэй маш хялбархан нэвтрэлцэнэ. Манай монголчуудын нэг маш бүдүүлэг нэгэн алдаа бол биднийхээс жаахан л ондоо аялгатай ярьж байвал монгол биш гэсэн ойлголт юм. Цаашилбал, энэ бидний социaлизмийн үед олсон их бага ястай болж талцан мөргөлддөг буруу зуршлаас болсон.

Манай улс дахь бага ястнууд маань хавчин гадуурхагдахгүйн эрхэнд, халхчуудын наадам шоглоом болохгүйн тулд өөрсдийн хэл аялгаа хаяж халх хэл aялганд суралцсаны хар гайгаар бид өнөөдөр монгол л бол бидэн шиг ярих ёстой гэдэг бүдүүлэг ухаанд нэвтэрсэн юм. Үнэндээ бол ямар ч хэл олон нутгийн aялгатай байх нь жам ёсны хэрэг бөгөөд ингэснээрээ тэд гадуурхагдах нь огтхон ч байж болшгүй хэрэг. Харин ч Дээд монголчуудын дунд бидний өнөөдрийн оросжиж европжсон хэлийг бодвол уугууль байгуудаараа хэрэглэгдэж буй үгсийн сангийн арвин сан хөмрөг бий. Орчин үед гарч ирсэн орос үг монгол арвин байдаг шиг хятад төвд үг элбэг байх нь ч ойлгомтой. Түүнчлэн биднээс дутуугүй олон хүн Төвд нэртэй байх нь ч элбэг.

Дээд монголчуудын амьдарлын хэв маяг нь манай малчдын нэгэн адил бэлчээр сэлгэж, ууланд оторлож жилдээ наад зах нь таван удаа буурь сэлгэн сарлаг, тэмээ хөлөглөн нүүдэллэдэг. Төвд, хятадуудад шахагдан хамгийн бэлчээр муутай гэгдэх Цайдамын хотгор дахь цөлөрхөг газар шахалдан бууж бэлчээр хомсдсон тул хонь, ямаа голдуухан маллаж, үхэр, сарлаг, тэмээ, адуу аль болох цөөхөн байлгахыг хичээнэ. Цайдмын талаар монгол гэрүүд хамгийн багаар хоёр километер дутамд байх бөгөөд дөхөөд очвол зундаа айл бүр гаднаа гурван гэртэй, том цагаан гэр нь зочны гэр, бага бор гэр хоол сүү цагааны гэр, харин дунд гэр нь тэдний гол амьдардаг гэр байна. Гэрт яваад орвол эсгийн үүдтэй, газар давтан тэгшилж эсгий ширдэг дэвссэн монгол айл байх нь тэдний хувьд бол энгийн хэрэг харин ийм байна гэж төсөөлж байгаагүй бидний хувьд хачирхалтай бахархалтай санагдана. Дээд монголчууд монгол улсын хүн ирсэн гэхээр чимээгээр бүгд ирж харахын хүслэн болж нэг л олон жил уулзаагүй ах дүү, төрөл садан, анд нөхөр ирсэн мэт догдлох нь альч айлд орсон мэдэгдэнэ. Монгол л юм хойно хоймроо залж цай хоол болон мах чанаж, шинэ хонь гаргахдаа тулдаг нь хамгаас ихээр хүндэтгэж байгаагийн илрэл билээ. Арга ч үгүй дээ бараг бүх л Дээд монголчуудын хувьд хамгийн анх удаа уулзаж байгаа тэднийхээр бол "жинхэнэ монгол хүн" юм хойно гайхаж бахадмаар болдог биз. Тэд бусад монголчуудаас тасарч ирээд 350 орчим жил болоход анх удаа Дээд монгол малчин айлд ирж байгаа хүн нь судлаач миний бие болж таарсан юм. Манай 1930-аад оны төгсгөлд болсон эсэргүүний үеэр дүрвэж дутаасан хэдэн лам нараас ондоо хүн энд бараг ирж байсангүй ээ. Ирсэн ч байлаа гэсэн малчин айлд саатаж буусан нь цөөн биз, хот газар үзээд, бурхан номонд бараалхаж хүрээ хийдээр л ороод гараа байлгүй. Зарим нэг нь ихэд гайхаж чухам яагаад манай энд хүрээд ирэв гэж дахин давтан итгэж ядан асууж гайхаж суух буюу нүдэнд нь танай улсаас биднийг тоож хэн ч хэзээ ч ирээгүй, ирэхгүй гэсэн гоморхон нутгаа мөрөөдсөн харц байх нь хотод яваад эргэж ирдэггүй хүүгээ хүлээж цөхөрсөн хөдөөгийн нэгэн настан эхийг санагдуулна. Түргэн зантай нэг нь энэ санаагаа шулуухан хэлж талархаж, баярлаж, бахдаж байгаагаа хэлэн гар чанга атгах нь ч тохиолдоно. Барууны орнуудаар тэр буман хятадын нэг нь гэж үзэгдэн гоочлуулж эсвэл хятад, япон, солонгос, америк, европчуудын хувьд дэлхийг тэртээ нэгэн цагт алж хядаж мориний туурай дор давтсан зэрлэг бүдүүлэг балмад харанхуй хүмүүсийн удам, хөгжиж ядаж байгаа ядуу орны иргэн гэж адлагдаж явсан миний хувьд гэртээ ирснээс өөрцгүй санагдаж билээ. Хотод ч ялгаагүй оюутны зөвлөлийнхөнтэй уулзахаар очиход хүлээж догдолсон хэдэн залуучууд угтаж билээ. Хожин анд нөхөд болоод сонсоход монгол улсын хүн ирнэ гээд костюм өмсөж зангиа зүүгээд догдлон хүлээж байснаа өгүүлж байсан юм.

Ингээд л нөгөө олон асуултууд өрнөнө. Энд ирсэн монгол хүн цөөхөн байдаг шиг Дээд монголоос Монгол Улсад очиж үзсэн хүний тоо хуруу дарам цөөн байдаг. Бид тэдний тухай хэр бага мэддэгтэй адил бидний тухай ч тэд маш бага мэднэ. Хамгийн түрүүнд хүмүүс миний монгол хэл тэднийхтэй нэвтрэлцэж байгаад ихэд баярлан танайхан ингэж чам шиг ярьдаг уу, бидний ярьж байгааг мэдэж байна уу гэхчилэн асууна. "Жинхэнэ монгол хэлийг" ойлгож тэдний хэл ч биднийхээс их зөрөөгүйгээс "бид бас монгол хэвээрээ байгаа юм байна" гэж найдвар тасарчаагүйгээ олж мэдсэндээ догдлон хэдэн зуун жил бичиг үсэг, хэл, соёлоо хаягүйгээрээ бахархана. Монол бичгээр бичсэн ном гаргаж ирэн "энийг гаргах уу" гэдэг л хамгийн аймшигтай асуултуудын нэг байлаа. Монгол Хэл Бичгийн Дээд Сургууль гэж нэг жижигхээн хувийн сургуульд гурван жил лекцээ монгол бичгээр бичиж төгссөндөө баярлахын сацуу бид ямар үнэтэй юмаа хаяж энэ д асуултанд гадаадад явж байгаа олон монголчууд маань байнга унадагт харамсмаар санагдана. Цааш нь тэгээд танай улсад малчин олон байна уу, айраг цагаа элбэг үү, бэлчээр хүрэлцээтэй юу, малаа туугаад очиж болох уу гэхчилэн сонирхоно.

Миний амьдарч байсан Зүүн Хошуу болоод орчмын нутаг баян таргандаа тооцогдох бөгөөд нэг айл дунджаар 600-700 малтай (үүнээс ихдвэл бэлчээрийн даац хэтэрнэ), өвөлжөөндөө 2-3 өрөө өвлийн байшинтай, дулаан малын хашаатай, хятад, хотон эсвэл төвд малчинтай, машинтай, мотоциклтай, цахилгаан үүсгүүр мотортой, нарны туяагаар ажилладаг гэрэлтэй, кабелийн олон сувагтай зурагттай, VCD тоглуулагчтай, гар утастай, гэртээ утасгүй антениар долгион хүлээн авч дамжуулдаг суурин утастай, ямаа, тэмээний ноoлууран хөнжилтэй тэр нь бараг манай зарим хотын айлаас цэвэрхэн тийм л айлууд байдаг. Энэ бол баян айл биш харин амьжиргааны дундаж түлшин юм. Мэдээж ядуухан айл байлгүй яахав, малаа бараад модоо барсан нь цөөхөн боловч таарна, гэхдээ Хөх нуур мужийн төв Шинин хотод гуйлга гуйдаг, хятад, хотон, төвд олон үндэстнүүд байвч монгол байдаггүйд тэд бахархана.

Бидний л нөгөө дутаад үгүй болоод байна гэх настнаа хүндэтгэж нялхасаа хайрладаг тэр ёс хэв хэвээрээ байх нь сайхан. Бид монголд хөдөө судалгаагаар явахад сум, аймаг орон нутагт согтуу "нутгийн индианууд" нэг бус удаа тааралдаж төвөг чирэгдэл болдог тэр суртахуун огт үгүй. Гадны зочинг хүндэтгэж тусална уу гэхээс ая тухыг нь алдуулах нэг ч алхам гаргахгүйг хичээх нь бидний яриад байдаг жинхэнэ монгол зочломхой ёс байлаа. Айлд морьтой яваад очиход гэрий эзэн эзэгтэй хоёр үүдэндээ гарч угтаж авах бөгөөд арай залуу эсвэл хүүхэд нь нь ирж зочноо мориноос нь буулгаж морийг нь уяан дээр аваачиж уядаг монгол ёс маань тэнд л байдаг байна. Энэ мэтчилэн тэднийг биднээс ч илүү монгол гэдгийг тоочоод баршгүй ээ.

Тэдний ирээдүй энэ амьдрал шигээ гэрэлтэй бишээ. Тэдний нэгэн хэсэг нь нүдэн дээр нь харсаар байтад хальж урсаад Төвд болчихсоныг тэд маш сайн мэднэ. Төвдүүд тэднийг бэлчээрийг булаан дайрч үндэстний тооны олноор сэгээ сэтгээгүй шахаж гадуурхаж байгааг ч мэддэг. Бидний төвдийн тухай төсөөллөөс тэс ондоогоор Төвдийг тэд дайснаа мэт харахаас аргагүйд хүрчээ. Нэг л өглөө хувьчлаад авчихсан өвөл, зун, хавар-намрын бэлчээрийнх нь аль нэг дээр буланд нь төвдийн хар "банаг" (сарлагийн хялгасаар сүлжиж нэхсэн дээвэртэй төвдийн асар) барьчихсан хэдэн сарлагаа бэлчээчихсэн байдаг ажээ. Хэлээд нүүхгүй долоо хононо, сар болно, жил болсны дараа "энэ чинь миний бэлчээр" гээд нүүдэггүй гэнэ. Дарга цэрэг болоод заргалдвал бүгд төвд, хятад дарга нар тул аргагүйн эрхэнд бэлчээрээ алдана. Ийм түүх олон гардаг тул төвд, монгол, хятад гурав газрын төлөө жинхэнэ тулалдана, зодолдоно, ингээд үрэгдсэн алуулсан хүмүүс ч олон бий.

Хөдөө суух цөөн тоот үндэстэн тул хоёр хүүхэд л гаргана. Хоёр хүүхдийн нэг нь л тусдаа гараад мал, бэлчээрээ өвлөн үлдэнэ. Мал байвч бэлчээр үгүй нутагтаа үлдэж малчин болж монголоороо үлдэх боломжгүй тул нөгөө нэг нь хот орно сургуульд сууна, ажил олж хийнэ хятад болно. Аль сайн ажил олж хийнэ төдий чинээ хятад хэл бичиг соёлд нэвтэрхий байхыг шаардана. Єөрөөр хэлбэл, Дээд монголд монгол хэвээрээ үлдэнэ гэдэг бол малчин байнаа эсвэл сумын бага сургуульд багш болно л гэсэн үг. Үүнээс илүү хөгжил гэдэг бол тэдний хувьд хятад болно гэсэн үг. Тэдэнд монголоороо үлдэх сонголт үгүй, харин төвд эсвэл хятад болох сонголттой. Олон хүмүүс нэгэнтээ нэг юм болох ёстой монгол байж чадахгүйгээс хойш хөгжиж хүчирхэгжиж байгаагаар хятад болох сонголтыг өөрийн эрхгүй хийнэ. Үүнд хятадын буруу ч байхгүй. Энэ улс хөгжлийнхөө жамаар л хөгжиж байна. Даяарчлал хотжилт бүх дэлхий нийтэд явагдаж байгаад хятадыг буруутгах аргагүй. Харин хотод монгол сургууль гэж үгүй. Наяхан мянган монголд хэн сургууль байгуулах зөвшөөрөл өгөх вэ дээ. Єглөө ч гэсэн монгол дунд сургууль төгссөн хүүхэд тэр олон хятадтай уралдаад сайн сайхан мэргэжил амьдралд чадах билүү. Харин хятад сургуульд нь суугаад хятад болоод үзэлцвэл хавьгүй дээр болно. "Хар Төвд нэг боллоо, хар Хятад хоёр дахиа болох тавилантай юмуу бид" гээд миний өмнө нулимстай хэлсэн Дээд монголчууд хэд байснийг хэлээд яах билээ.

Ингээд монгол гэдэг нэртэй болгон хомсдоод, хавчигдаад үгүй болоод ирэх тусам төдий чинээгээр түүндээ хайртай болж, хүсэж үгүйлэх нь ихсэж, бие сэтгэл, явдал суудлаараа улам монгол байхыг эрхэмлэдэг ажээ. Яг л ийм болохоор Монгол Улсад үхэхээсээ өмнө очиж үзэх чин хүсэлтэй хүмүүс маш олон. Энд Дээд монголчууд ингэж суухад тэнд тэдний "монгол" гэдэг нэрээр нэрлэгдсэн бүхэл бүтэн улс байх нь юутай сайхан юутай бахтай. Дээд монгол оюутнууд Төвд оюутнуудтай муудалцвал "дэлхий дээр Төвд гэдэг нэртэй улс байдаггүй харин Монгол гэдэг нэртэй улс байдаг" гэж омгорхож ганц дуугүй болгодог гэдэг. Хөх нуурт очтoлоо би өөрийгөө хэрдээ үндсэрхэг үзэлтэй, эх оронч гэж бодож байлаа. Харин одоо бол огт үгүй. Дээд монголчуудтай харьцуулвал миний үндэсхэрхэг үзэл хаана нь ч хүрэхгүй. Үндэсхэрхэг үзэл гэдэг яг л энэ мөчид туйлдаа хүрдэг бололтой.

Ийм их сэтгэл өвөрлөн тэдний аз нь шовойсон нэг нь Монгол Улсад очино. Харин бид өмд гутлын хэрүүлээ хийж нөгөө л өчүүхэн мэдлэггүй ухамсраараа тэднийг "хужаа" гэж хэнэг ч үгүй гадуурхаж биднийг чинь сэтгэлээсээ дэмжигч таван сая хагас хүнийг өөрөөсөө түлхэж байдаг нь өвөр монголын хүн судлаач эрдэмтэн Урадын Булагийн "халх төвтэй нэгтгэн нийлүүлэгч бус харин түлхэн гадуурхаж задлан бутаргах" үндэсхэрхэг үзлийн онол өөрийн эрхгүй санаанд орж ирж байна.

Дvгнэлт


Дээд монгол бол Дундад Улс дахь бусад монголчуудын ганцхан жишээ бөгөөд цаашид бид таниж мэдэж байвал зохих олон монгол угсаатан байгаа. Энэ асуудал Дундад Улсаар зогсохгүй дэлхийн бусад улсад, хамгийн наад зах нь Орост буй, Халимаг, Буриадуудын асуудал мөн юм. Үүнээс үзвэл бидэнд бусад монголчуудаа танин мэдэх зайлшгүй шаардлага байгаа бөгөөд үүнд нийгэм-соёлын хүн судлалын ач холбогдол яахын аргагүй шаардагдана. Ийнхүү гүнд нь орж мэдэрсэн ямар ч монгол хүн дахин "хужаа" гэдэг үгийг хэлэхдээ болгоомжилдог бас тэгж хэлж байгаа хүнээс ичдэг болох байхаа. Тэд биднээс юу ч хүсээгүй ээ, зөвхөн "хужаа" гэдэг үгээ зөв хэрэглэж сурaхыг л хүсэж байгаа.



Эх сурвалж: http://www.tsahimurtuu.mn/main/20060509502.htm